Дэлхийн банк даваа гаригт Монголын хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний талаарх “Mongolia Jobs Diagnostic” судалгааны тайланг танилцууллаа.Судалгааны тайланд Монгол Улс эдийн засгийн өнөөгийн зогсонги байдлыг даван туулахын тулд сүүлийн 10 жилд бий болгосноос илүү олон ажлын байр шинээр бий болгож, хувийн сектор болон залууст ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2000-2019 оны хооронд дунджаар 5.4 хувьтай байж ирсэн. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн энэхүү өсөлт нь ажлын байр болон иргэдийн цалин хөлс өсөж, өрхийн амьжиргаа дээшлэх гол түлхэц болж байв. Гэвч “COVID-19” цар тахал манай улсын эдийн засагт бодит сорилтуудыг бий болгож, 2021 оны байдлаар ажил эрхлэлт 5 хувь орчим буурсан. Тухайн үед, Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ажлын байрыг тодорхой хэмжээнд хадгалах нэгэн хөшүүрэг болсон.Гэвч Орос-Украины дайн, инфляц, төгрөгийн ханшийн сулрал зэргээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл иргэдийн амьжиргааг өдөр ирэх тусам дордуулсаар байна. Улмаар ажлын байргүй, цалин хөлс хүрэлцээгүй, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чаддаггүй байдал нь нийгмийн хамгийн том бухимдал болж, тэрхүү бухимдал нь өнөөдөр Төв талбайд болж буй жагсаалын хөрс болсон гэж хэлж болох юм.