Хавдар судлалын үндэсний төвөөс хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг болох дархлаа эмчилгээг нэвтрүүлж буйгаа зарласан билээ. Дархлаа эмчилгээний талаар ХСҮТ-ийн Химийн тасгийн тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Нарантай ярилцлаа.-ХСҮТ дархлаа эмчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Дархлаа эмчилгээ гэж чухам юу вэ?-Аливаа хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийдэг. Химийн эмчилгээ бол хавдрын эсрэг хэрэгжүүлж буй үндсэн эмчилгээ. Үүний дараагаар шинжлэх ухаан хөгжих явцад бай эмчилгээ болон дархлаа эмчилгээг нэвтрүүлсэн. Бай эмчилгээг бол 2021 онд нэвтрүүлж, өндөр өртөгтэй байсныг нь ЭМД-д хамруулж үнэгүй хийдэг болсон юм. Бай эмчилгээний дараагийн хавдрын эсрэг үр дүнтэй байгаа эмчилгээ нь дархлаа эмчилгээ гэж хэлж болно. Бай эмчилгээ, дархлаа эмчилгээг хүмүүс хооронд нь ялгахгүй, холиод байх тал бий.Бай эмчилгээг нь хавдрын геномыг нь судалж байгаад ямар өөрчлөлт байна тэрийг нь тусгай биомаркерын шинжилгээгээр тодорхойлж байгаад өөрчлөлттэй генийн үйл ажиллагааг зогсоож байгаа онож эмчилдэг учраас бай эмчилгээ гэнэ. Бай эмчилгээний дараагийн нэг хэлбэр нь дархлаа эмчилгээ. Дархлаа эмчилгээг энгийнээр тайлбарлавал, хүний дархлааны тогтолцоог дэмжиж, тухайн хавдрыг устгаж буй хэлбэр юм. Сүүлийн 20 жил хувь хүнд тохирсон эмчилгээний эрин үе эхэлсэн. Энэ нь тухайн өвчтөний хавдрыг нь судалж байгаад тухайн хавдарт ямар эмчилгээ үр дүнтэй юм, тэрийг нь эд эсийн шинжилгээ болон биомаркерын шинжилгээнд тулгуурлан хийдэг. Тэгэхээр хувь хүнд тохирсон эмчилгээнд бай эмчилгээ, дархлаа эмчилгээ хоёулаа ордог.