Хэрэгжиж эхлэх цагаасаа л хэл ам дагуулсан хууль бол Хөдөлмөрийн тухай хууль. Ажил, хөдөлмөр эрхлэх хүн болгоны эрх ашгийг хөндөх эрх зүйн зохицуулалт тойрсон гомдол, санал тасарсангүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн маргаан уул уурхайн салбарт ажил хаялт зарлах хэмжээнд өндрөө авчээ. Уурхайчдын ажиллах, амрах хуваарь 14/14 болсон нь шинэчлэлийн гол үр дүн нь байсан. Гэвч авчирсан үр дүнгээ баллуурдах хэмжээний балаг тус салбарт үүсээд удлаа. Энэ нь ажил олгогч болон ажилчдын хооронд цагийн хөлстэй холбоотой маргаан болж хувирав.
Уурхайчид өнөөдөр хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй, цалин орлогын хэмжээ буурсанд сэтгэл дундуур явна. Ар гэртээ цаг хугацаа зарцуулах боломж нэмэгдсэн боловч өрхийн эдийн засаг нь хямралтай байна. Уртын ээлжийн ажил, амралт тэнцвэржсэн нь нийгэмд гарах олон эрсдэлийг хаасан гэж үздэг. Харин шинэчлэлээр дутуудуулсан нь илүү цагийн үнэлэмж, түүний хэрхэн тооцож олгох эсэх асуудал ойлгомжгүй үлдсэн. Хууль хэрэгжээд хоёр дахь жил рүүгээ орж байгаа ч илүү цагийн тооцоолол ажилтан, ажил олгогчдын дунд маргаан үүсгэж, сүүлдээ жагсаал цуглаан руу орох шинжтэй. Бодлого тодорхойлогчид, түүнийг хэрэгжүүлэгчид энэ хугацаанд илүү цагтай холбоотой маргааныг эцэслэж чадсангүй. Энэ хооронд компаниуд завшиж, уурхайчид хохиров.
“Бандан тас” гээд хөдөлгөсөн хууль илүү цагаас болж удаа дараа гурван талт уулзалтын сэдэв болсон ч шийдэлгүйгээр өнгөрсөн хоёр жилийг үрэв. Хөдөлмөрийн шинэ хуулиар уурхайчны нэг өдрийн ажиллах хугацааг найман цаг байхаар зааж өгсөн. Илүү ажиллуулах тохиолдолд илүү цагийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ заалт амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй, уурхайчид илүү цагийн хөлсөө авч чадахгүй өнөөдрийг хүргэлээ.
Жишээ нь, Монголын уул уурхайн салбарын том тоглогч “Оюу толгой” компанид ажил, үйлчилгээ үзүүлж буй дөрвөн компани гэхэд л дөрвөн өөр аргачлалаар цалингаа бодож байна. Илүү цагийн хөлс өгч байгаа компани энэ дунд байхгүй гэдгийг дотор нь ажиллаж буй уурхайчид хэлж байгаа юм. Нөхөн амарч байгаа нэрээр илүү цагийн хөлс эзэндээ хүрэхгүйг тэд учирлан эсэргүүцлээ илэрхийлсэн, жагссан, ажил хаясан. Уртын ээлжийн илүү цагийн цалинг уурхайчдад олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэмжих өнгө аяс илэрхийлсэн ч тоймтой шийдвэрийг гурван талт Үндэсний хороо гаргаагүй байна.