Монголбанкнаас Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлтэй байгааг 2020 оны наймдугаар сард зарласан. Уг хоёр банк дампуурлаа албан ёсоор зарлаагүй ч хүндхэн нөхцөл байдалд гурван жил орчим явж байна. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгө энэ хоёр банкинд бий.
Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Тавантолгой түлш ХХК, Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм Ассет менежмент ҮЦК ХХК, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байгаа юм. Аудитын дүгнэлтээр татвар төлөгчдийн 140 тэрбум төгрөг тус хоёр банкинд эрсдэлтэй байгааг мэдээлж байлаа. Банкны салбар нь үйлчлүүлэгчийн итгэл дээр тогтдог. Хүндхэн нөхцөлд байгаа мэдээллүүд гарсны дараагаас хадгаламж эзэмшигчид тус хоёр банкнаас хадгаламжаа татах, үйлчлүүлэгчид үйлчлүүлэхээс татгалзаж эхэлсэн нь улам дарамт болж байв.
Тэгвэл уг хоёр банкинд гаднынхан хөрөнгө оруулалт татаж, аварч магадгүй байна. Тухайлбал, Чингис хаан банкинд Өвөр Монголын хөрөнгө оруулагч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд гаднын өөр улсаас хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах саналтай Монголбанкинд ханджээ.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулахад "Чингис хаан банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Бүх банкны дүрмийн сангийн доод хэмжээ 100 тэрбум ёстой. Харин Чингис хаан банкны дүрмийн сан 50 тэрбум байгаа юм. Тиймээс шинэ хөрөнгө оруулагч орж ирэх шаардлагатай. Чингис хаан банкинд хөрөнгө оруулъя гэж Өвөр Монгол хөрөнгө оруулагч нэг удаа Монголбанкин дээр ирж уулзсан. Ерөнхийдөө сонирхож байгаагаа илэрхийлж, хөрөнгө нь БНХАУ-аас орж ирнэ гэж хэлсэн. Гадагшаа хөрөнгө оруулахаар бол БНХАУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг учир олон шат дамжлагатай. Тиймээс дэмжээч гэсэн хүсэлт гаргасан. Монголбанк БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдтай нь уулзаж, хөрөнгө оруулбал дэмжиж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилсан. Ийм процесс болсон. Яг эцсийн байдлаар хөрөнгө мөнгө нь орж ирээд, банкаа худалдаад, шинэ хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийсэн зүйл байхгүй.