УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2023.01.13/ олон жил гацсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батална. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсад гадаадын томоохон банк санхүүгийн байгууллага салбараа нээн ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай банк иргэдээс хадгаламж, харилцах татахгүй, жижиглэнгийн зээл олгохгүй гэдгийг хууль санаачлагчид тайлбарлаж буй. Харин дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөгжлийн зээл олгох байдлаар зохицуулжээ. Гадаад хөрөнгө оруулалтын банк өнөөгийн дотоодын банкууд шиг охин компани байгуулж банкнаас өөр үйлчилгээ явуулахыг хуулиар хориглосон. Зөвхөн зээл олгох ААН, байгууллагад харилцах данс нээнэ. Хуульд заасан дэд бүтцийн төсөлд урт хугацааны буюу 10-20 жилийн хугацаатай зээл олгохоор зохицуулж байгаа юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк дэд бүтэц, зам, гүүр, хурдны зам, төмөр зам, эрчим хүчний салбарт түлхүү зээл олгоно. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын банк өөрийн хөрөнгийн хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргаж болно гэж хуульчилжээ. Өөрийн хөрөнгө нь хамгийн багадаа 100 тэрбум төгрөг байх бөгөөд Хөрөнгө оруулалтын банк нэг зээлдэгчид 300 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний зээл гаргах боломжтой гэсэн үг.
Банкны тухай хуулиар арилжааны банкууд нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн хэмжээний 20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээлийг олгох зохицуулалттай. Харин Хөрөнгө оруулалтын банкны хуульд өөрийн хөрөнгийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн гэсэн нь хөгжлийн том төслүүдийг дэмжих зээл олгох учраас ингэж заажээ.
Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд гадаадын томоохон банк зөвхөн төлөөлөгчийн газраа байгуулан, хязгаарлалттай нөхцөлөөр үйл ажиллагаа явуулах зохицуулалттай. Гадаадын банкны төлөөлөгчийн газар нь тусгай яриа хэлэлцээрийн хүрээнд зарим аж ахуйн нэгжид ам.доллар, юанийн зээл олгох, дотоодын банкуудтай хамтран ажиллах байдлаар хүрээгээ тодорхойлж ирсэн. Одоогоор Монгол Улсад Хятадын хоёр, Японы нэг банк төлөөлөгчийн газартай. Нэлээд хэдэн жилийн өмнө гадаадын зургаан банк төлөөлөгчийн газартай байсан ч тал нь Монголоос гарсан.