Гурван жилийн дараа БНХАУ хилээ нээж, Эрээн-Замын-Үүд боомт энэ сарын 8-наас Монгол, Хятадын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор "Найман шарга" валют арилжааны зах Хятадыг зорих иргэдийн хөлд дарагджээ. Нөхцөл байдалтай танилцахаар тус газраас сурвалжлагаа бэлтгэлээ.
Энгийн өдрүүдтэй харьцуулахад "Найман шарга" валют арилжааны захад иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнтэй уялдуулан хэзээнээсээ “хонжооч” монголчууд юань авах, зарах үнээ нэмээд амжсан байна. Тухайлбал, Найман шаргын гадна талбайд зөрж өнгөрөх хүн бүрээс “юань, доллар, вон авна, зарна” хэмээн асуух гар дээрх валют худалдаа арилжаалагчид “Юаний үнэ нэмэгдээд 507 төгрөг болсон. Цаашид улам л өсөх хандлагатай байгаа шүү" гэх. Түрүү оны эхний саруудад долларын ханш 100-200 төгрөгөөр нэмэгдэж, арилжааны банкууд гурав хүртэлх сая төгрөгт гадаад валют олгож, квот тогтооход хамгийн ихээр ашиг олж, хонжооч байдлаа алдаагүй хүмүүс бол валют арилжаачид. Тэд энэ оныг ч ашигтай эхлүүлж буй нь энэ. Өмнө нь доллар. Харин одоо юань.
Арилжааны захын цонх бүрийг анхааралтай ажиж, валютын үнэ судлах тэд бол Б.Мөнхжаргал болон түүний дүү. Тэд Дүнжингарав худалдааны төвд хивс, хивсэнцрийн лангуу ажиллуулдаг. Эгч Б.Мөнхжаргал “Урд хил хаалттай байсан эхний үеүдэд Туркээс бараагаа татаж байсан. Үнэ өртгийн хувьд айхтар зөрүүгүй ч хугацааны хувьд удаж ирэх асуудал гарч байсан. Одоо урд хил нээгдэж байгаа учраас даруй л явах сонирхолтой л байна” хэмээх тэрээр аль хямд газрыг хайж хэдэн юань авах санаатай яваа нь энэ.