Олон улсын байгууллагууд 2023 оныг эдийн засгийн хувьд хүндхэн жил байна гэж дүгнэж буй. Олон улсын валютын сан /ОУВС/-ийн таамгаар 2023 онд эдийн засгийн хүндрэл дэлхийн гурван улс тутмын нэгд нь хүчтэй мэдрэгдэнэ гэж. Мөн энэ онд Дэлхийн эдийн засагт хамгийн нөлөөтэй АНУ, Европын холбоо, БНХАУ-ын эдийн засаг удаашралтай байхыг анхааруулав. Хэдий БНХАУ “Тэг ковид” бодлогоо цуцалж, хэвийн амьдралдаа шилжиж буй ч эсрэгээрээ тус улсад халдварын тархалт нэмэгдэж байгаа нь Хятадын, цаашлаад дэлхийн эдийн засаг саарахад нөлөөлнө гэжээ. Иймээс ОУВС дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийг 2.7 хувь болгон бууруулав.
Монгол Улсын эдийн засгийг дөрөв хувь өснө гэж ОУВС таамагласан. Мэдээж урд хөршийн нийгэм, эдийн засгийн байдал нөлөөтэй, мөн томоохон төслүүд эрчимжинэ гэсэн хүлээлтэд үндэслэн ингэж тооцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээндээ “2023 он бол эдийн засгийн өсөлтийн жил байх болно” гэж онцолсон. Монгол Улс, монголчууд дотооддоо өөрсдөөс хамаарах зүйлсээ хийж чадвал дэлхийн эдийн засгийн хүндрэлд бага л өртөнө. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд том төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх, хөдөлгөх нь нэн чухал. 2023 онд эдийн засгийн өсөлтөд дэм болох ямар,төсөл хөтөлбөрийг хэрэгжихийг эргэн сануулъя.
Оюу толгой гүний уурхайн тогтвортой олборлолт эхэлнэ
Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа идэвхжих нь Монголын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй. 2022 онд Оюу толгой ордын 1300 метрийн гүнд огтлох малталтыг эхлүүлж, хүдэр буулгууруудыг ажиллуулж эхэлсэн. Тэгвэл 2023 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн тогтвортой олборлолтыг эхлүүлэх аж. Энгийнээр тайлбарлабал, 1300 метрийн гүнээс хүдрээ олборлон газрыг гадарга руу зөөж, баяжуулаад экспортод гаргах ажил албан ёсоор эхэлнэ гэсэн үг. Оюу толгой нийт баялгийн 80 хувь нь газрын гүнд бий. Иймд гүний уурхайн хүдрийн тогтвортой олборлолтыг эхлүүлэх нь Монголын эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөхөд чухал нөлөөтэй юм. Эхний ээлжинд гүний уурхайгаас өдөрт таван мянган тонн хүдэр олборлох бөгөөд 2030 оноос бүрэн хүчин чадалд шилжсэнээр өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болно.